2011-05-27
Сайхан зан үйл хүүхдэд хэрэгтэй

Орой унтахын өмнө хүүхдэдээ үлгэр ярьж өгөх, Бүтэн сайнд хүүхдүүдтэйгээ салхинд гарах, Цагаан сараар азын бууз таарсан

хүн шагнал авах гэх мэт янз бүрийн цаг хугацаанд тогтмол давтагддаг олон сайхан зан үйл айлуудад байдаг. Ийм зан үйлүүдийг сэдэж, хэрэгжүүлж, заншил болгох нь хүүхдийн хөгжил төлөвшилд багагүй ач холбогдолтой.


Зан үйл (заншил) буюу Ritual
Зан үйл/зан заншил (Ritual-“ritus”) нь гэр бүлийн дотор эерэг уур амьсгал бүрдүүлж, гэр бүлийн гишүүдийн хооронд ойр дотно харилцаа бий болгодог, тодорхой цаг хугацаанд тогтмол дахин давтан хийгддэг үйл юм. “Зан заншил (Ritual) нь гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг батжуулж, гэр бүлийнхний хамтаараа гүйцэтгэдэг тааламжтай үйлээр амьдралыг баяжуулж өгдөг” (1). Сайхан зан үйл нь гэр бүлийн гишүүдэд зугаатай хөгжилтэй байдлыг бий болгож, хүүхдийн хувьд ямар нэг гоё сайхан зүйлийн хүлээлт үүсгэдэг. Ийм зан үйлийн зарим нь эцэг эхчүүдэд хүүхэд байхаас нь уламжлагдан ирсэн байдаг. Зарим нь гэр бүлийн гишүүдийн сонирхол, хэрэгцээ, санал, санаачилгаар амьдралын явцад бий болдог ажээ. Энэ нь заавал том зүйл байх албагүй. Харин энэ зан үйлд гэр бүлийнхэн бүгдээрээ дуртай оролцдог, хэдийд юу хийгддэг нь хүүхдэд тодорхой, сонирхолтой, байнга давтан хийгддэг байх нь чухал.


Замбараагүй байх нь хүүхдийг эргэлзээнд хүргэдэг
Гэр бүлийн гишүүд дур дураараа, замбараагүй байх нь хүүхдэд ээж аав юуг нь зөв гэж үзэж байгааг мэдэхэд хэцүү байдаг. Тэднийг эргэлзэж будилахад хүргэдэг. Ийм ойлгомжгүй байдлаас хүүхэд учраа олохоо байж, өөрийнхөө хэр хэмжээнд тохирсон ажил үйл гүйцэтгэхэд хүчээ дайчлан, зүтгэл чармайлт гаргахгүй, хайш яайш хандах, тууштай биш байхад хүрдэг. Ингээд томчууд “манай хүүхэд нэг л сайн тоглож чадахгүй байна даа” гээд гайхаж эхэлдэг.


Зан үйлийн ач холбогдол

Хэвшил болсон эерэг зан үйл нь дараах ач холбогдолтой.
•    Энэ нь эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ажиллах аятай арга хэлбэр, түшиг тулгуур болж өгөх ба тэдэнд хүүхдэдээ хайр халамжаа мэдрүүлэх боломж олгоно.
•    Хүүхэд цаг хугацааны мэдрэмж төсөөлөлтэй болоход тустай. Орой унтахын өмнө үлгэр сонсоно, амралтын өдөр (хагас, бүтэн сайн) болоход тоглоомын парк явна, өвөл болоход шинэ жил болно гэх мэт.
•    Өдрийн явцад тогтсон цагт тодорхой ажил үйл байнга давтагдан хийгдэснээр хүүхдэд хэдийд юу хийх, юу болох нь тодорхой байна. Ингэснээр тэд хийж байгаа зүйлдээ мөн өөртөө итгэлтэй байна.
•    Ямар нэг зүйлд баттай суралцах, анхаарлаа төвлөрүүлж сурахад дэм үзүүлнэ. Шүдээ угааж сурах, хөлөгт тоглоомоор тоглох гэх мэт. Энэ нь цаашдаа хүүхдийн бие даасан байдалд тустай.
•    Зан үйл нь тогтмол хийгдэж, хэвшил болсноор дэг журам, хэм хэмжээ тогтооход амархан. Жишээ нь: Хамтдаа сууж хоолоо иднэ, бүх хүн хоолоо идэж дуустал ширээнээсээ босохгүй. Эмх цэгцтэй байдлыг бий болгож, хүүхдийн ажил үйлд чиг баримжаа өгнө, ингэснээр шүүмжлэл тавих, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
•    Хүүхдийн айх эмээхийг багасгана. Бага насныхан голдуу шөнө харанхуйгаас айдаг. Тэгэхээр унтахын өмнө үлгэр ярьж өгч тайвшруулах нь тустай байх жишээтэй.


Хүүхдэд хэрэгтэй ямар зан үйл байж болох вэ?


Өглөө
Өглөөг сайхан угтах нь бүх өдөртөө нөлөөтэй. Өглөөнөөс эхлэн “бушуулаарай”, “за хожигдох нь байна шүү” гэж тэвдүүлэх нь хүүхдэд төвөгтэй. Иймд  өглөө эртхэн босож, аажуу тайван байцгаах нь бухимдал, уур уцаараас сэргийлнэ. Мөн чанга жингэнэсэн дуутай сэрүүлэгтэй цагаар сэрэх нь хүүхдэд, мөн  томчуудад ч  халтай.
Тэгэхээр ямар аятайхан зан үйлээр хүүхдээ сэрээж, өглөөг угтаж болох вэ?
•    Тайван сайхан аялгуутай эсвэл хүүхдийн дуутай хөгжим тавих
•    Биеийг нь зөөлөн илэх, тэвэрч авах
•    Хуруугаараа биеийг нь ирвэгнүүлэн тоглох
•    Дуртай зөөлөн тоглоом нь хүүхдийг хөгжилтэй үгс хэлэх эсвэл дуу аялах


Ариун цэвэр сахих, өөртөө үйлчлэх
Бага насныхан гар нүүрээ угаах, шүдээ угаах зэрэг ариун цэвэр сахихтай холбогдох хэвшил дадал, мөн хувцсаа өмсөх, тайлах гэх мэт чадваруудыг эзэмших шаардлагатай байдаг. Байнга л шахаж шаардсанаас тодорхой зан үйлийг хэрэглэвэл хүүхдэд сонирхолтой байхын дээр тэд дуртай гүйцэтгэх болно.  Жишээлбэл,
•    Хийж буй үйлдлээ холбоо үгс, дуугаар илэрхийлэх. “Чигчийн чинээ бишээ, Чихээ өөрөө угаая аа...,
•    Зарим дууны аянд үг зохиож дуулах. “Ажил хийгээд арван хуруу бохирдоо байлгүй, Угаа, угаа, гараа угаа..”
•    Тоглоомын арга хэрэглэх.  Нүүрэндээ тос түрхэхдээ “цэг”, “цэг”, ”таслал”-гээд нүүрнийхээ энд тэнд хуруугаараа тос тавьж, “зураас”-гэхэд тосоо нүүрэндээ нялах.


Үдэх, угтах
Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахдаа “Болгоомжтой яваарай”, “Чи одоо яарахгүй бол болохгүй нь байна шүү” гэх, чимээгүйхэн бие биенээсээ салан явах нь төдийлөн таатай биш. Тэгвэл ямар аятайхан зан үйл байж болох бол?
•    Эерэг, зоригжуулсан үг хэллэг хэрэглэх. “Хөгжилтэй байгаарай”, “Амжилт хүсье” ...
•    Үнсэх, гараараа даллах
•    Дуртай зөөлөн тоглоомыг нь “хамгаалагч”-аар өгч явуулах
•    Орой уулзахдаа тэврэлдэх
•    “За ямар хэрэг тарьсан бэ?” гэхийн оронд  “За, өнөөдөр давгүй биз? гэх мэт аятайхан үгээр угтах.


Унтах
Өдрийн олон төрлийн мэдээлэл, сэтгэгдлээсээ ангижран тайвширч унтах нь ялангуяа багачуудад заримдаа хүнд байдаг. Хэрэв унтахын өмнө хэвшил болсон тогтсон зүйлсийг хийдэг бол  хүүхэд хэвийн унтаж амрахад тустай.
•    Хөгжим сонсох
•    Тайвшруулах дасгал хийх
•    Хамтаараа хөлөгт тоглоом тоглох эсвэл дүрс эвлүүлэх
•    Хүүхэд тухайн өдөр өөрт нь тохиолдсон үйл явдлаа зурах
•    Унтахын өмнө үлгэр сонсох


Хооллолт


Өдөртөө наад зах нь нэг удаа гэр бүлээрээ хооллодог байвал сайн. Энэ нь гэр бүлийнхний хоорондын харилцааг батжуулна. Хооллолтын үеэр дараах зан үйл байж болох юм.
•    Хамтаараа хооллоход бүх хүн хоолоо идэж дуустал нэгнийгээ хүлээх
•    Оройн хоолны үеэр гэр бүлийн гишүүн бүр тухайн өдөр юу нь гоё сайхан байсан, юу тааруухан байсан талаар ярих, асуудал гарсан бол шийдвэрлэх арга замын талаар саналаа хэлэх 
•    Хэн нэгнийхээ төрсөн өдрөөр хамгийн дуртай хоолыг нь хийж өгөх


Долоо хоногт
•    Амралтын өдөр хүүхдүүдтэйгээ салхинд гарах эсвэл тоглоомын паркт очих
•    Хүн бүр долоо хоногийн онцлог үйл явдлаа ярих
•    Бүтэн сайны өглөө будаатай цай хийх
•    Гэр бүлээрээ тоглоом тоглох (морь уралдуулах, шагай няслах, шатар, даам тоглох гэх мэт)


Баяр ёслол
•    Төрсөн өдрөөр ах дүү нарынх нь болон ойр дотны хүүхдүүдийг урих
•    Сүлд модоо хамтаараа чимэглэх, зарим чимэглэлийг өөрсдөө урлах
•    Цагаан сарын бууз хийхэд хүн бүр оролцох  гэх мэт.

Мөн улирал тус бүрт айл гэр бүлд тогтсон сайхан зан үйлүүд байж болох юм.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax