2011-05-29
Зохиолч А. Гармаа

Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч А.Гармаатай ярилцлаа. Хүүхдийн гэж цоллогддог зохиолч маань ахлах ангийн хүүхдүүдэд зориулж анхны хайрын тухай өгүүллэгийн ном гаргахаар бэлтгэж байгаа аж. Хүүхдийн зохиолоос гадна “Алтайд” роман, “Морьтой ч болоосой” кино зэрэг олон бүтээлээр нь Монголын уншигчид түүнийг андахгүй. Хүүхдийн зохиолч А.Гармаа гуайгаас уран бүтээлээс нь гадна Монголын хүүхдийн зохиолын хөгжлийн талаарх санал бодлыг нь сонирхсон юм.

- Анх хүүхдийн зохиол бичих санаа танд хэрхэн төрөв өө?

-1950 онд би дөнгөж л утга зохиол оролдож, санаандаа бууснаа тэмдэглэхээс цаашгүй байлаа. Монголын зохиолчдын эвлэлийн дэргэд долоо хоног бүрийн гурав дахь өдөр залуу зохиолчдын зөвлөгөөн гэж болно. Нэг удаа алдарт “Хүрэн морь” найраглалын эзэн Ч.Лхамсүрэн залуу зохиолчидтой уулзсан юм. Би тэгэхэд анх удаа Лхамсүрэн гуайг харж билээ. Том бор ширээний ард суучихаад залуу зохиолчдод алт шиг үгээ хайрлаж байхыг нь хараад их л сүрдэж билээ. Би жаахан эмээсэн янзтай сууж байтал чи юу унших гэж байна гээд надаас асуудаг юм байна. Тэгэхээр нь унших гэж авч очсон хоёр шүлгээ уншлаа. Ч.Лхамсүрэн гуай нэг их тоосон шинжгүй сууснаа өөр бичсэн юм байна уу гэхээр нь “Гар чийдэн” гэж хүүхдэд зориулсан өгүүллэг байгаа гэж хэлээд түүнийгээ уншиж өгсөн юм. Тэгтэл нүд нь сэргээд хэсэг инээснээ, нөхөр минь чи шүлэг гэхээсээ наадах хүүхдийн зохиол, үргэлжилсэн үгээрээ оролдвол дээр юм байна гэж хэллээ. Тэгэхэд л анх хүүхдийн зохиол бичих хүсэл төрсөн дөө.
Лхамсүрэн гуай надад зохиолч болох том урам хайрласан.

-Хүүхдийн зохиол бусад зохиолын төрлөөс юугаараа онцлогтой вэ?

-Хүүхдэд зориулсан зохиол бичихийн тулд өөрөө хүүхдийн сэтгэхүйд орж, хүүхэд шиг зан ааштай байх хэрэгтэй. Тэгж байж л тэр зохиол амилдаг. Тавин хэдэн онд хүүхдийн зохиолч Д.Содномдоржтой Сонгины амралтад салхинд гардаг юм байна. Хоёулаа уул хадаар нэлээд явлаа. Тэгээд тамхилахаар суутал Содномдорж халааснаасаа гар бууны хэлбэртэй асаагуур гаргаж ирээд над руу чиглүүлэн яг л буудалцаж тоглож байгаа хүүхэд аятай аашлахгүй юу. Тэгснээ гурав буудчихаад “Өө чи ямар өөдгүй юм бэ, хүн буудаад байхад чинь үхээч” гэж билээ. Хүүхдийн зохиолч ингэж л яг хүүхэд шиг сэтгэдэг. Ийм л учраас хүүхдийн зохиолч гэдэг хүүхдийн сэтгэхүйгээр сэтгэж, түүгээрээ хүүхдийн сэтгэлд ухаарал, хүмүүжил хайрлаж байх учиртай юм. Мөн амьдралаас зохиолынхоо сэдэл санааг үргэлж хайж хүүхдэд ойр байх хэрэгтэй. Энэ ташрамд хэлэхэд Д.Сономдоржыг Монголын хүүхдийн зохиолчдын анхдагчдын нэг гэж болно.

-Таны зохиолууд дотор өөрийн тань амьдралаас урган гарсан дүр бий юу?

-Миний бүх зохиолын баатрууд ихэнх нь миний бага нас, найзуудтай минь холбоотой. Тиймээс ч өөрт тохиолдож байсан зүйлсээс сэдэвлэж бичдэг. “Хөгжөөнтэй туужууд”-ын Цэдэн, Баатар хоёрын аль нь таны дүр вэ гэж хүүхдүүд надаас их асуудаг юм. Би Цэдэн нь л дээ. Их мөрөөдөмтгий, элдвийг сэдэхдээ гарамгай гээд надтай олон талаараа төстэй. Мөн “Аав цэцэрлэгт явсан нь” тууж байна. Энэ бол өөрт тохиолдсон зүйлээ л зохиол болгосон хэрэг. Нэг өдөр ажлаа тараад гэртээ иртэл манай дунд охин хүзүүнээс зүүгдчихээд “Та том болоод юу болох вэ?” гэж асуудаг юм байна. Би хариуд нь “Чи өөрөө хэн болох юм бэ?” гэтэл би сургуулийн сурагч болно. Харин та одоо хэл гээд л шалгааж гарсан. Тэгэхэд нь би охиноо өхөөрдөөд “Би цэцэрлэгт явна” гээд хариулчихсан. Эндээс л “Аав цэцэрлэгт явсан нь” туужийн санаа гарч ирсэн. Тэгээд охидынхоо өрөө рүү сэм шагайтал дунд охин минь эгчдээ аав цэцэрлэгт явна гэнэ ээ. Аав цэцэрлэгт очоод яг л ингэж угж хөхөөд, газар өнхрөн хөлөө тийчлээд л мөн инээдтэй байх байх даа гэж ярихыг сонссон юм. Тэгээд л энэ зохиолоо шууд цаасан дээр буулгах ажилдаа орсон. Энэ бол тэр чигээрээ зохиолын санаа байсан юм. Гудамжинд, автобусанд гээд хаана ч явсан зохиолч хүн зохиолын эрэл хайгуул хийж явах хэрэгтэй.

- Сүүлийн үед хүүхдийн зохиолч их ховордсон шиг санагддаг. Залуу үе гарч ирж байна уу?

-Одоогоос гурав дөрвөн жилийн өмнө хүүхдийн зохиолчдын залгамж халаа байхгүй байсан гээд хэлчихэд нэг их хилс болохгүйгээр байлаа. Харин одоо залуу зохиолчид гарч ирж байна. Үүнд би баяртай байдаг юм. Наранцэцэг, Энхтуяа гээд миний шавь нар ч бий. Энэ залуучуудаас шинэ сонин юм гарах байх гэж нэлээд хардаг. Залуучуудыг хүүхдийн зохиолд дурлуулахын тулд хүүхдүүдийг ном уншуулах гэсэндээ хүүхдийн зохиолчдын “Фен” клуб гэдгийг 2008 онд байгуулсан. Энэ бол уран бүтээлээрээ нэгдэж залуусаа дэмжих гэсэн бидний санаа. Арван хоёрдугаар сарын есөнд нэг жилийнхээ ойг тэмдэглэж, хүүхдийн зохиолчийн бүтээлээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Хүүхдийн зохиолчдын бүтээлээр оюутан залуусын бэлдсэн арван хоёр илтгэл тавигдсан. Энэ бол чухал үйл явдал болсон гэж үзэж байгаа.

-Монголын хүүхдийн зохиолчдын бүтээл гадаад хэл дээр хэр орчуулагдаж хэвлэгддэг вэ?

-Яг энэ асуудлыг хүүхдийн гэлтгүй манай бүх зохиолчид анхаарах ёстой. Дэлхийн хүүхдийн уран зохиолд нийцэх бүтээл хүлээгдэж байгаа нь нууц биш. Хүүхдийн уран зохиолд шинэчлэл хийж үр дүнг нь үзсэн хүн алга. XXI зуун гараад арван жил болж байхад бид XX зууны сэтгэлгээнээсээ салж чадаагүй л байна. Жишээлбэл дэлхийн хэмжээнд шуугиан тарьсан “Харри Поттер” гэх мэтийн зохиолтой дүйцэх хэмжээнд сэтгэх хэрэгтэй. Одоо залуучуудын маань цаг ирсэн шүү дээ.

-Шинээр сэтгэмээр байна гэж үү?

-Нэг үгээр хэлбэл тийм. Мөн хүүхдийн зохиолчдыг базаж, шүүсийг нь шахаж өгдөг сайн шүүмжпэгч үнэхээр дутаж байна.

-Хүүхдийн зохиолд шүүмж бичдэг хүн байгаа шүү дээ?

-Тиймээ. Д.Өлзийбаяр, Д.Оюун н.Бадрах зэрэг сайн шүүмжлэгч, хүүхдийн зохиол судлаач нар байна. Гэхдээ тэдний маань залгамж халаа болсон залуус бас л алга байна.

-”Хөгжөөнтэй туужууд” тань Орост хэвлэгдсэн гэсэн. Та номынхоо нээлтэд оролцоод ирэв үү?

-Тэгсэн. Оросын Буриадад “Буриад, Монгол ардын үлгэрүүд” болон Д.Гармаагийн “Хөгжөөнтэй туужууд” нэртэйгээр орос хэлээр хэвлэгдсэн юм билээ. Буриадын нэртэй зохиолч Б.Б Жемазев гэж хүн намайг Улаан-Үд хотод номынхоо нээлтэд ирж оролцооч гэж урьсны дагуу эхнэр Отгонтойгоо хамт яваад ирлээ. Улаан-Үдэд байхдаа олон буриад зохиолчтой номынхоо ачаар уулзаж танилцлаа. Ирэх онд миний зохиолын хоёр ботийг зохиолч Б.Б Жемазев орос хэлээр орчуулж хэвлүүлэхээр болсонд сэтгэл их өндөр байгаа.

-Буриад зохиолчдоос суралцмаар зүйл байна уу?

-Би түрүүнд хэлсэн. Сэтгэлгээний эрэл хайгуул хийх хэрэгтэй байна гэж. Уран бүтээлийн шинэ нээлт хийх хэрэгтэй. Гадаадад хэвлэгдэж буй шинэ ном зохиолыг эх хэлнээ орчуулж суралцмаар зүйл их байна.

-Таны хэд хэдэн бүтээл гадаад хэл дээр орчуулагдсан байхаа ?

-Миний “Хөгжөөнтэй туужууд” зохиол орос, украин, словак, киргиз, азербайджан, буриад хэлээр орчуулагдсан. “Аав цэцэрлэгт явсан” нь тууж Өвөрмонголд хоёр удаа хэвлэгдсэн. Үүгээр гэхдээ сэтгэл ханаж болохгүй л дээ.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Саяхан би “Үнсэлт” гэж бага хэмжээний өгүүллэг бичиж “Өдрийн сонинд” нийтлүүлсэн. 16-17 насны хоёр хүүхдийн хайр сэтгэлийн тухай л даа. Тэр өгүүллэгийг уншсан хүмүүс та охид хөвгүүдийн анхны хайрын тухай тууж юмуу өгүүллэг бичээч гээд байгаа. Тэгээд ч ахлах ангийн хүүхдүүддээ зориулсан охид хөвгүүдийн үерхэл нөхөрлөлийн талаар сэтгэлийн ариун нандин бүхнийг нь хөндсөн гучаад өгүүллэгтэй ном гаргахаар төлөвлөж байна. “Мөнхийн үсэг” компанийн захирал Байгалмаа энэ номыг минь хэвлүүлж өгөхөөр болсон. Манайд ийм чиглэлийн ном алга байна. Одоо буцаад л ахлах ангийн хүүхэд шиг бодож сэтгэх гээд өөрийгөө бэлдэж байна даа.

З.Ган-Очир


Сэтгэгдэл:


аааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа
Бичсэн: Зочин цаг: 09:32, 2014-04-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax